Улаанбаатар хотоор аялсан нь... | |
Монгол хямрал, хоосон хэтэвчХямрал1.1 Монгол хямрал Хямрал гэдэг үгийг анх хэн гээч ухаантан гаргаж ирээд хэвшүүлчихсэн юм. 3 настай хүүгээ айлгахдаа хямралаар далимдуулдаг гэр бүл бас олширчихсон гэж байгаа. Мангаа гэдэг үгийг орлуулж байгаа нь тэр. Уг нь бол монгол хэл бол баялаг яруу хэл. Даанч сүүлийн үеийн шинэ загвар гадны орныг сохороор даган дуурайх болсны уршгаар аливаа зүйлийг оноож нэрлэхдээ шууд байгаагаар нь бүдүүлэгдүү хэлдэг болчихсон. Эдийн засгийн хүндрэл, таагүй байдал, бэрхшээл гээд зөндөө л орлуулга хэллэг бий. Харамсалтай нь сонгож авсан үг нь хамгийн болхи нь. Хүн сэтгэхдээ энгийн байдаг. Хамгийн энгийн жишээ аливаа зүйлийн хөдлөж байгаа эсэхийг өөр нэгэн хөдөлгөөнгүй биеттэй харьцуулж хардаг гэдгийг дунд сургуулийн ямар ч физикийн номноос үзчихэж болно. Өөрөөр хэлбэл хүн ойлгосноороо л сэтгэдэг гэсэн үг л дээ. Хямрал гээд сонсохоор тархины уг руу хатгах шиг болж бие тавгүй болоод ирж байгааг анзаарах вий. Ер нь дээр нуршсанчлан монгол хэлэнд аливааг эерүүлэн хэлж, хэлж байгаа хүндээ ч хүлээн авч байгаа хүндээ ч дарамт учруулахгүй, одоогийнхоор бол “стресс” – үүсгэхгүй мундаг ухаан оршиж байж. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм гэж орчин үеийн эрдэмтийн нотолгоо улам олон болсоор л байгаа. Одоогийн хэвлэл мэдээлийн хэрэгслийн тультрай, орилоо, шүлэгч, тууль хайлагч тэргүүтэй сэтгүүлч, редактор, орчуулагч гуншинтай монгол хэлний бүтцийг бүхлээр нь эвдлэгч, үгүй хийгч “арми” – ийн хийдэг ажлынх нь үр дүн. Туйлшрамтгай, хавтгайруулдаг, бөөрөнхий, бялдууч, буудагч гээд нэг тиймэрхүү онош бас нэмэгдэнэ. Тэд ч яахав түүгээрээ дуусдаг юм гэхэд хамгийн эмгэнэлтэй нь тэднийг үдэш бүр хийх ажилгүйдээ ч биш, сонсох, үзэх хэрэгцээ дээд цэгтээ хүрч хоосрол, бухамдлаар дүүрсэн төрөл бүрийн толгой хараад сууж байна шүү дээ. Яг оройн 18 цагаас эхлээд 22 цаг хүртэл тархи угаагч машин ажиллаж эхэлдэг. Тэр машиныг хүмүүс ажиллулах гэж мөнгө төлж тэр ч бүү хэл бүх ажлаа орхиод зөвхөн түүнд цагаа гарзаддаг гээд боддоо. Ажлаасаа ирээд унтах хүртлээ “хямрал” гэсэн үгийг зурагтаар гардаг монголын гэх тодотголтой хэдэн “шар” сувгаас мянгантай сонсоно, үзнэ. Хямралтай хамт хооллоно, ярилцана, ажил, хичээлээ хийнэ. Заримынх нь гэдэс нь хүртэл хамт хямардаг сураг дуулдсан. Өглөө ажилдаа ирсэн дарга хямрал зүүдэлж хоносон тул ажилчдаа мөн л хямралаар далайлгана. Дэлгүүрт орж ирсэн айлын эхнэр бас л хямрал бодох тул зөвхөн хүнсний дэлгүүр ордог болоод удаж байна. Гэхдээ яаж зүгээр байхав дэлгүүр хэсэж стресс тайлах ч бас зүгээр тул амралтын өдрөөрөө гарч өгнө. Хямрал болсон юм чинь угаасаа зарагдахгүй гэж бодсон худалдагч бараагаа шинээр татах биш хурдан зарж дуусгаад хүүхдийн мөнгөө авахаар банк явна. Өнөө орой “баасан гараг” – тай гэсэн хямрал ч яахав дээ, миний утас төлбөртчихсөн гээд 2 охин үнэтэй ресторанд пиво ууж сууна. Нэг хэсэгтээ л америк дооларын ханш газардахгүйгээр шийдсэн бөгөөд үүнийг дагаад ханшын зөрүү гэсэн тайлбартай үнийн өсөлт газар авав. Зарим дэлгүүрийн үйлчлүүлэгчид ихэд цөөрсөн харагдана. Аль дээр Анод банкны асуудлыг хямрал болгон өргөжүүлэх шахсан боловч Засгийн газраас хадгаламжинд баталгаа гаргаж сая нэг сэтгэлийг нь амрууллаа. Гэхдээ нийт хадгаламж эзэмшигчдийн 80 хувь нь 50 хүртэлх сая төгрөгний хадгаламжтай. Тэдэн дотроо 10 сая хүртэлх хадгаламжтай нь бараг ихэнхи нь. Бензиний үнэ тогтмол өсдөг, огт хамааралгүй боловч зарим бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дагаад нэмэгддэг. Яг үнэндээ үнийн өсөлт гэдэг бол хямрал бас биш л дээ. Ялангуяа манай орны хувьд ийн ойлгох нь угаас утгагүй хэрэг. Бид ямархуу аж төрдөг билээ гэдгийг бас бодолцох л хэрэгтэй. Монгол улс 2,5 сая хүн амтай, хүн амынх нь 70 илүү хувь нь хот суурин газар амьдардаг, түүний бараг 50 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Тэдний 80 хувь нь гэр хороололд, ердөө 20 хувь нь орон сууцанд оршин суудаг. Улаанбаатарт дунджаар нэг өрхөд 5 хүн ноогдох ба хамгийн ихдээ нэг айлд 18 хүн амьдардаг. Гэр хороололын нэг өрхөд дунджаар 8 хүн ноогддог. Дийлэнх нь эсгий гэртэй. Өвөлдөө түүхий нүүрс түлж дулаацна. Цахилгаан байдаг боловч хүчдэлээ дийлдэггүй тул махаа дөнгөж борлуулах төдий л иддэг. Хэрэглээний халуун, хүйтэн усны аль нь ч байхгүй, ойрын 5 км дундаа ганц худагтай. Монгол улс хагас ерөнхийлөгчийн засаглалтай, төрийн эрх барих дээд байгууллага нь парламент. Монголын парламентийг УИХ гэх ба 76 гишүүнтэй. 2008 оны сонгуулиас хойш 75 гишүүнтэй болсон үлдсэн нэг гишүүн арай гэж орж ирсэн. Бүгд хувийн орон сууц, эдлэн газар, хувийн 2-5 машинтай, ил далд том бизнестэй. Цалин нь хувийн хэвшлийн байгууллагын ажилтны дундаж цалингаас 10,000 төгрөгөөр илүү. Албан ёсоор хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж нийтэд мэдээлдэг боловч ихэнхи нь гадаадад амьдардаг эгчийнхээ мөнгөөр байр авсан байх ба өөрөө ч мэдээгүй байхад нь түүний гарын үсгийг нь дуурайлгаж зураад ашигт малтмалын орд өгсөн, зарим нь өөрийн гэсэн байргүй, цалингийн зээл авч амьдардаг гэсэн байдаг. Нийт гишүүдийн бараг тал илүү хувь нь алдарт уяач, үлдсэн нь покерийн спортын холбооны тэргүүлэгч гишүүд. Хамгийн хэцүү нь 4 жил тутам сонгууль болох бөгөөд сонгуульд зардаг мөнгөний хэмжээ сонгуулиас сонгуулийн хооронд тогтмол 10 – 250 хувь өсдөг. Сонгууль бүрийн дараа эдийн засгийн тогтворгүй байдал үүсдэг ба 2008 оны сонгуулийн дараах байдал хүндэрч, эмх замбараагүйтэл газар авч монгол улс анх удаагаа онц байдал зарласан. Сонгуулийн амлалт нэмэгдсээр байгаа бөгөөд сонгуульд ялвал тараах мөнгөний хэмжээ 10,000 ₮ -өөс 1,500,000₮ болтлоо өссөн. Өмнөх туршлагаас харвал амласан мөнгөтэй дүйцэхүйц баялгийг монгол орон бүтээж чаддаггүй учраас тэгсгээд амласан мөнгөнийхөө 3 хуваасны нэгийг нь зарим хэсэгт нь тараадаг. Иргэд ажилгүй байх нь олонтаа тааралдах бөгөөд хүүхэд гаргаж, гэр бүл болж амь зуух нь элбэгшжээ. Учир нь ийм хүмүүст төр мөнгө тараадаг.
1.2 Дэлхийн хямрал АНУ бол киногоор “суперстар” гэдгийг бүгд л мэднэ. Их гүрний ая зан, байр байдал нь мануус шиг олны хэсэгт тоглодог жүжигчдэд их нөлөөтэй л дөө. Гол дүрийн жүжигчин үгээ алдаад ч юм уу, үйлдлээ буруу хийгээд л байвал араар нь хөлхөлддөг, зодолддог, унаж босдог туслахууд дагаж давтсаар байгаад мөн их ядрана даа. Нэг иймэрхүү кино зураг авалт болж байна. АНУ колончилолын эрин үеэд тусгаар тогтнолоо хамгаалж байсан жижигхэн хүчнээс өнөөгийн сүрт их гүрэн болох замдаа төрөл бүрийн үе шатыг туулж ирсэн. Өдгөө тус улсын үндсэн “цагаан” гэж хэлэгддэг америкуудын 80 гаруй хувь нь үйлчилгээний салбарынхан. Ерөнхийдөө нийт ажил хийдэг хүмүүсийн 70 гаруй хувь нь үйлчилгээний салбар. Асар том хэрэглэгчдийн нэгдэл гэсэн үг шүү дээ. Технологийн хөгжил дэвшлээс ч болсон уу, хэт их хүний аюулгүй байдлыг хангах гэснээс ч болсон уу ихэнхи үйлдвэр автомажсан болохоор үйлдвэрт үндсэндээ бараг хүн хэрэггүй болж л дээ. Сүүлийн хэдэн жил манайхнаас “эрх чөлөөний хөшөө” тийш очих ардын замаар явагчид ихэд олширсон. Тэднээс асуувал тэндхийн барааны шошгон дээр АНУ-д үйлдвэрлэв гэсэн бичиг бараг байдаггүй харин оронд нь хятад голдуу тэгээд бусад хамгийн хямд ажиллах хүч ашигладаг газар орны нэр байдаг гэдгийг хэлээд өгөх вий. Даяаршил гэгч зүйлийн нөлөөгөөр иймэрхүү байдал аль хэзээ газар авсан. Нэгэнт үйл явдал АНУ тэргүүтэй гол дүрийн одуудаас ихэд шалтгаалах болсон тул гол үйл явдал чухам хаана өрнөх нь тодорхой. Аливаа хүн өөрийн олсон орлогын хэмжээгээр зарлага гараж амьдарвал хэнээс ч хамаарахгүй, асуудал үүсэхгүй. Харин илүү зарлага гаргавал мэдээж зээл авна эргээд өр болно. Байгууллага, компанид үүнийг санхүүгийн талаас нь баланс гэж ойлгож болох юм. Өр, өмч хоёрын харьцаа аль болох ижил байх тусмаа эрүүл байгаагийн шинж шүү. Гэтэл улс орон гэдэг бас л ялгаа байхгүй. Улс орныг иргэд бүрдүүлдэг. Америк орон мандан бадрахын хэрээр иргэдийн аж амьдрал ч мөн л сайжирсаар ирсэн. Америк стандартаар нэг хүн нэг өрөөнд амьдарах ба 3 хүүхэдтэй айл гэж бодоход аав ээжтэйгээ нийлээд дор хаяж 5 өрөө дээр нь зочны өрөөтэй байх ёстой гэж үздэг. Мортгэйжийн зээл газар авах үестэй зэрэгцэн жирийн дундаж орлоготой өрх, дунджаас доогуур орлоготой өрх зээлд ихээр хамрагдсан. Иймэрхүү өрх мэдээж америкийн нийгэмд хамгийн их хувь эзэлдэг нь тодорхой юм. Зээл авахдаа ихэнхдээ өөрсдийн амьдардаг байрнаас гадна ирээдүйд тусдаа гарах үр хүүхэддээ, аль нэгэн хамаатандаа эсвэл зүгээр л амрах зорилготой илүү гэр авахаар зээл авчээ. Үүн дээр нэг сонирхолтой зүйл нь одоогийн амьдарч байгаа байр сууц, машин тэрэг, эд хогшил нь бүгд зээлийнх, дээр нь нэмээд ахин нэг байр авч байгаа гэдэг нь юм л даа. Өр тавьна гэхээр монгол сэтгэхүйд их ойрхон санагдаж байгаа даа аягүй бол. Цалингаас цалингийн хооронд гэж их ярих дуртай манайхан. Энэ сар төсөвөө хэтрүүлээд түүнийгээ зээлж таарна тэгээд дараа сарын мөнгө хасагдана. Дараа сар нь мэдээж өрөнд явсан тул амьдрахын тулд дахиад л зээлнэ. Нэг иймэрхүү маягтай яваад л байна, яваад л байна. Хүн юм болсон хойно иднэ, утсаар ярина, цахилгаан, ус хэрэглэнэ. Бас аюгүй бол 2 хүүхдийн нэг нь их сургуульд сурдаг байж таараа. Гэвч явсаар нэг л өдөр зогсоно биз. Хүн гэдэг нэг газар заавал алдаа гаргаж л таарна. Дээр нь бас зээлийн хүү гэж бий шүү дээ. Энэ өдөр магадгүй хоосон хонох ч энүүхэнд л болох байх. Тэгтэл зээлдэгч компани эргээд мөнгөө авъя мөнгө байхгүй “чих ав” гээд сууж байгаа хүнээс чинь юу авах вэ. Байраа хураалаа гээд эргээд хэнд зарах вэ. Нэг иймэрхүү маягаар эхэлсэн хямрал цаашид даамжирав. Өнөөгийн ертөнцөд дан ганц бизнестэй компани бараг үгүй болсон бөгөөд үндэстэн дамнасан корпорациуд бий болсноор нэгэн дээвэр дор банк, үйлдвэр, зочид буудал, дэлгүүр гээд бүгдийг нь багтаах болсон. Том дээвэртэй байшингийн нэг багана ганхвал дээвэр нэг талаасаа нурж эхэлдгийн адилаар эхлээд барилга дараа нь банк гэж явсаар яван явсаар бизнес тэр аяараа уналтанд оров. Эдгээр бизнесийн ар талд эргээд л хүмүүс байгаа болохоор нэгэнт ашиггүй болоод ирэхээр үйл ажиллагаагаа хумих нь ойлгомжтой хэрэг юм. Ажилчид олноор халагдаж, ажилын цаг нь багасаж үүнийхээ хирээр орлого нь буурна. Орлого буурахаар худалдан авалт буурна. Хүний хэрэглээ буурахаар бараа зарагдахаа болино. Бараа зарагдахгүй бол үйлдвэр зогсоно. Хамгийн гол нь үйлдвэр зүгээр сул зогсох биш сул зогсолтын зардал гэдэг хамгийн их өр үүсгэж байгаа хэрэг. Аливаа бизнесийн хамгийн аюултай зардал бол тогтмол зардал байдаг. Тогтмол зардал гэдэг нь нэг ёсны цахилгаан, газрын түрээс, дулаан гэх мэт зардал. Орлого байхгүй бол асар том үйлдвэрүүдийн хувьд тогтмол зардал нь тэдний дүүжлүүр нь болох юм. Капиталист нийгмийн гол агуулга нь ч энэ бөгөөд хэрэглэх, хэрэглэх бас дахин хэрэглэх гэсэн уриатай. Чадлынхаа хэрээр хэрэглэ тэр хэмжээгээрээ нөгөө талд үр шим бий болно гэсэн зарчимтай. Нэгэнт системийн хувьд ийм тул Барак Обама, Тара Осагийн засгийн газраасаа мөнгө гаргаж тараах гэсэн санаа зөв болж таарах нь. Харин манай урд хөршийн хувьд хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон. АНУ зэрэг орнууд нь үйлчилгээнээс баялаг бүтээдэг бол хятад нь масс үйлдвэрлэлээр баялаг бүтээгч орон. Ердөө сүүлийн 10-хан жилийн хугацаанд бүх анхаарлаа энэ зүгт хандуулж одоо энэ байрандаа баттай зогсож байгаа. Одоо бол хятадад хэчнээн үйлдвэрлээд барааг нь барууныхан авах чадваргүй болсон тул нөгөө тогтмол зардлын айдас нүүрлээд ирсэн. Энэ аюулыг гэтлэх ганц зам нь дотоодын хэрэглээг нэмэх. Аз болоход хятад улс олон сая ард иргэдтэй юм даа гэж эдийн засагч нар нь хэлж байсан. Хамгийн сүүлд шанхайд болсон зүүн хятадын 12-р үзэсгэлэн худалдаа зөвхөн дотоодын худалдан авалтыг ихэсгэх зорилготой зохиогдсон, хятадын гар утасны компаниуд үндэснийхээ гар утсыг хэрэглэе уриаг дэвшүүлсэн зэргээс бэлхнээ харж болохоор байна. Орос зэрэг түүхий эдийн экспортоороо эдийн засгийн өсөлтөө хангадаг орнуудын хувьд /энд Монгол улс ч мөн багтана/ мөн л хүндрэлтэй нүүр тулсан. Дэлхийн санхүүгийн зах зээл гэгдэх бирж дээр үнэт метал, алт, зэс, нефтийн үнэ хямралын сургаар навс унасан. Энэ ч ойлгомжтой хэрэг. Хамгийн энгийнээр зэс утсаар кабель хийх нь багасахаар зэс авах нь багасана, зэс авахаа багасахгахаар үнэ нь буурна. Нефтийн хувьд стратегийн ач холбогдолтой түүхий эд тул хямралтай бол шууд хамааралтай. Тиймдээ ч хамгийн сүүлд “бизнес вийк” дээр нефтийн үнэ нэмэгдвэл хямралаас гарч эхэллээ гэж ойлгож болно гээд нэртэй эдийн засагчдийн нийтлэл гарсан байна лээ. Иймэрхүү хүндрэлээс гарах гээд дэлхий их л завгүй байна. 1.3 Хэтэвч Дундаж монгол хүн хэтэвчиндээ хэдэн төгрөгтэй явдаг бол. Хүүхдүүд нь 0 – ээс эхлээд л 20,000₮ хүрч байх юм. Лав л албан биш тоогоор 100-аад хүн дээр нь эхнэр нь бас бус хамаарагчид нь нийлээд 300-аад нь доллар хэтэвчиндээ авч явдаг сурагтай. Хэтэвчинд мөнгө хаанаас ирж хаашаа гарч байна вэ. Саяхан их сонирхолтой судалгааны тухай соннсон юм. Монголд яаж ч судалгаа хийж үзсэн нэг өрхийн сарын зарлага нь үргэлж орлогоосоо давдаг. Илүү зарлагаа хаанаас нөхөж олдог вэ гэдгийг яаж ч хайгаад олдохгүй. Сард хамгийн боломжийн компанийн менежерийн цалинтай төрийн албан хаагч LAND CRUISER, LEXUS жийптэй, нижгээд ХАУС-тай хүүхдүүд нь америкт, үгүйдээ л хятадад сурдаг. Арван хуруу тал нь алт, үлдсэн нь мөнгөн бөгжтэй. Ойрхон бээжин, Хонг-Конг гарч хувцасладаг, харин сүүлийн үед LV, HUGO BOSS гэх мэт дэлгүүр тэдний хүсэлтээр “Сүхбаатарын талбай”-н хажууханд нээгдсэн тул тэндхийн байнгын үйлчлүүлэгчийн VIP карт эзэмших болсон. Багш ч юмуу эсвэл ямар нэг жижгэвтэр, дундуур түвшний ажил хийдэг хүмүүсийн өрхийн төсөв 2009 оны монгол улсын төсөв шиг “том хасах тэмдэг”-тэй. Ээж аавынхаараа амралтын өдөр бүр зочилдог, очих бүртээ хоолны мах авч ирдэг. Зарим өглөө унааны мөнгөгүй тул ажилаасаа хоцорно, өдөр өлсөхийн эрхэнд гуанзны эгчээс талон зээлнэ. Хоёр ээлжийн ажлын хувцас, нэг жийнс, хоёр гуталтай. Эд хөрөнгийн бүртгэлд үл хөдлөх хөрөнгө, унаа тэрэг байхгүй гэдгээрээ зарим их хурлын гишүүн, төрийн өндөр албан хаагчидтай төстэй. Гэх мэтчилэн цаашид өрнөвөл өрхүүдийн амьдралын хэвшил нь тэнгэр газар мэт өөр боловч цаасан дээрх судалгаа, статистик мэдээлэл нь усны дусал шиг адилхан гарна. Ер нь л дүгнэлт хийвэл монголчуудын хэтэвч хоосон. Гэхдээ хэрэглээ өндөртэй. Бараг бүх өрх машинтай, дэлхийн бүх төрлийн марк загварын цуглуулгатай өрх ч бий. Зарим машин шатахуун түгээх станц дээр очоод шатахуун нь дүүрдэггүй. Учир нь тэр машин хэт их “иддэг” тул машинаа унтраахгүй л бол дүүрэхгүй. Тиймээс шатахуун, түлшний үнэ нэмэгдэнгүүт шууд эмзэг бүлэгт шилждэг. Монгол Улс, Улаанбаатар хот 2009 он Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 21 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудТэмдэглэлСүүлийн бичлэгүүдХэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…Цөөнх болсон нь Хүн сүргийн бүтэц №4 Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна... Сайн явах санааных Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр Google-ээс хайлт хийх зөвлөмж Хүн сүргийн бүтэц №3 Хүн сүргийн бүтэц-№1,2 Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг “Арчаатай” байх хэрэгтэй Экс под синдром Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь Хөгжил, түүний тухай ийм нэг бодол НайзуудЗоригт ван |