Улаанбаатар хотоор аялсан нь... | |
Цөөнх болсон нь
15:30
,
2011-06-03
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Бүрэнхийд нэгэн эр чингэлэг рүү “шожигнуулан” зогсоно. Нуруугаа харуулаад зогсож байсанд эгдүүцсэн эргүүлийн цагдан сэргийлэгч газар дээр нь хэрэг илрүүлсэндээ их л олзуурхан мөнөөх эрийн мөрөн дээр цохиж, торгууль ухааны юм хэлэхэд “байж бай хөгшөөн дуусгаадахъя” гэж хариулсан гэдэг. Үнэндээ иймэрхүү зураглал их байдаг юм шиг. Тортой юм барьсан авгай нар “хөдөөнийх юм уу хаашаа юм” гэж зэвүүцсээр халамцуу хөрслөг бор залуутай зөрж яваатай таарч л байсан. Саяхан нэрт нийтлэлчийн нэг өдрийн бичвэрийг уншив. Тэрээр цөөнхийн тухай асуудлыг цухас дурдаад үндсэндээ хот маягийнхнийг цөөнхөд оруулаад тооцчихож. Нийтийн дуунаас эхлээд ангич стильтэй хэдэн санааг бас шохоорхуулсан байсан. Үнэндээ нийгэм их ядуу байгааг анзаарч байгаа болов уу. Худалдан авах чадвар, орлого түүнтэй шууд хамааралтайгаар хэрэглээний асуудал хөндөгдөнө. Угсаа гарлын хувьд тэртээ тэргүй бүгд “тал нутаг”-аас ирсэн хүмүүс хэн нь хэнийгээ гэх вэ. Баабарын хэлдэг үнэн тул түрүүлж ирсэн, сүүлдэж “резин” хэрэглэж сурсан тухай яриа л өрнөх байх.
АНУ-д уугуул Индиануудаа цөөрүүлэх бодлого барьдаг гэлцдэг. Хоноц хоноцдоо дургүйгийн үлгэр. Нүүрэн дээрээ тэтгэлэг өгч, зөвхөн тэдэнд зориулсан бүс гаргаж тэнд амьдрах зардлыг “тэглэж” нутагшуулчихсан. Кинонд гардаг баатарлаг Индианууд аль хэзээ байхгүй болсон, одоо бол архичин “Чироокий” нараар дүүрсэн. Тэртээ тэргүй хэдэн цаас төрөөс нь өгчихдөг, байр нь үнэгүй болохоор тэгсгээд тэр ногоон бүсдээ, ахлагчийн тамхиндаа “марихуан” найруулсан шигээ сууж байдаг юм билээ. Ажил хийж гэдсээ тэжээх нь байтугай, амьд явахын утга учирын тухай яриа тэнд чих дэлсэхгүй, архи, авгай, аватар гурваас өөрийг мэдэхээ байсан улс л бий. Уугуул нутгийнханы тухай дурдсан учир ийм. Бид нутагтаа өөрсдийгөө цөөрүүлэх бодлого барьж байгаа тухай. Шуудхан хэлэхэд аль болох олон Монголыг ядуу ангид шилжүүлж, “чироокий индиан” болгох ажиллагаа явуулж эхлээд нижгээд жилийн нүүр харах гэж байна. Мөнгө тарааж, түүндээ тааруулсан ховсын арга хэрэглэхийн зэрэгцээ авсан мөнгөө эрхэм “мөнгөний мангас”-ын архины үйлдвэр лүү буцааж цутгах систем нэгэнт хөлөө олчихсон. “Танк”-ны эрхмүүд одоо бүр олдсон дээр нь гээд алдарт Соёмбо архийг хүртдэг болсон гэсэн. Үнэгүй юм үнэгүй, үнэгүй тараасан мөнгө ч үнэгүйгийн нэг л жишээ нь ийм. Үй олноор нь нэг газарт төвлөрүүлж уул, гүвээ дамнуулан цуглуулж өвөлд нь нүүрсний утаагаар утаж, угаартуулна. Ил задгай “морь харах” ч эрх чөлөөний илрэл болгон хүмүүжүүлсэн тул тал нутгийн залуус талдаа яваа шигээ л сэтгэж “бор морио” хүн амьтанд үзүүлээд зогсохоосоо ч сийхгүй. Нэг хоёр хоногийн амь зуулгын тухай бодол толгойд нь эргэлддэг хүмүүсийн тоо жил ирэх бүр олширох төлөвтэй. Уг нь монгол эр хүний дотор жийп машин гурван давхар хаустайгаа мисс эхнэр алдарт эхийн одонтойгоо багтдаггүйсэн бил үү. Цөөнхийн талаарх санаа ийм юм. Хоногийн хоолны тухай санааг чилээгч аль завандаа хаус, харшийг санагалзах билээ дээ. Өл залгуулах, өрөө дарах, хишиг мөнгөндөө дугаарлах, бөглөө мултлах мэтийн үй түмэн асуудал байхад шүү дээ. Ийм хамтлагийнхан олширч олонхи болоод байгааг би ч хүлээн зөвшөөрнө.
Олонхид тааруулсан урлагийн одууд гялалзаж эхнээсээ гишүүний эхнэр, телевизийн захирал, үндэсний хөдөлгөөний удирдагч болоод явж байгаа жишээ байж л байна. Олны хүч оломгүй далай гэдэг шиг “олонхийн соёл” ихэд дэлгэрч монгол гэдэг нэрээр халхавчилсан төрөл бүрийн зүйлс энд тэндгүй нутагшиж байна. Зарим төрлийн “резин” хэрэглэж сураагүйгээсээ болоод бүсэлхийнээс доогуурх асуудалд нэрвэгдчихсэн. Хээр талд зам гэж байх биш, адуучны урдуур гарахдаа ногоон гэрэл хүлээдэггүй зангаараа төмөр машинтай мөргөлдөж нэг үзээд, хоёр талаас шүргэлцээд байгаа нөхдийг зохицуулах гэж замын цагдаа нар үйлээ үзэж байна. Нус цэр, бохир, цэвэрийг цэгцлэх гээд дийлэхээ байсан. Таарсан газартаа багана хатгаж тооно өлгөөд, банхартайгаа хамт зурагтаар солонгос сериал үзэж кайф авдаг гэдгийг бизнесийнхэн мэддэг тул цагаан болгох нунтаг, шингэн соруулах эмэгтэйн хэрэглэлийн тухай рекламыг цаг алдалгүй дамжуулна. Нутаг нугын тухай санаашран дуулах, хөдсөн дээл, духдуй малгайтнууд зурагтаар гарч залхаад индүү залгахад ч гарч ирдэг болсон маягийн өдөр тутмын товч тайланг үргэлжүүлвэл дуусахгүй. Өмнө нь дэлхийн бөмбөрцгийн аль нэг хэсэгт ядаж арай удаан туршигдчихсан зарим соёл, агуулгыг нутагшуулж яваа хэд нь хотын их зантай, “муу сайн юмнууд” болж хувираад ад үзэгдэж байгаа. Уг нь харьцаа арай эсэргээрээ байх ёстой юм сан. Буцаад олонхи болох гэж, болгох гэж хичээж яваа олон хүнийг би мэднэ. Таныг ч бас тэдний нэг байгаасай гэж үнэн сэтгэлээсээ хүсэж байна. Эргээд баяртай уулзамз.
Б.Золбоо
2011.04.28, Улаанбаатар хот
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудТэмдэглэлСүүлийн бичлэгүүдХэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…Цөөнх болсон нь Хүн сүргийн бүтэц №4 Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна... Сайн явах санааных Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр Google-ээс хайлт хийх зөвлөмж Хүн сүргийн бүтэц №3 Хүн сүргийн бүтэц-№1,2 Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг “Арчаатай” байх хэрэгтэй Экс под синдром Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь Хөгжил, түүний тухай ийм нэг бодол НайзуудЗоригт ван |