Улаанбаатар хотоор аялсан нь... | |
Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
15:31
,
2011-06-03
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Буруу өгөөд хэрэггүй. Мөнгөөр угаас юуг ч авч болдог болсон хорвоо. Хөдөлмөрлөж олоогүй бүхнийг буруу гэх бас аргагүй ч хөндлөнгөөс харахад таагүй мэдрэмж төрдөг билээ.
Балчир наснаас эхлээд нэг л хотод амьдарч, нэг л орцоор өглөө бүр дамжин гарсаар өөрт ногдох нэгэн насны талын талыг наслаж яваа залуу бүсгүй. Ухаан орох цагт л ардчилал энэ тэрийн тухай, эрх чөлөө гэж дур зоргоор авирлах зүй тогтол мэт ойлгуулж эхэлсэн боловч гэртээ бол дарангуйлал дор хичээл хийж, гэр цэвэрлэн, сулхан дуугарахыг ахмад настнууд нь сургачихсан. Зарим хүний хэлдгээр чанга өссөн, хүмүүжилтэй охин. Гэрт гадаан ялгаа жил ирэх бүр нэмэгдэх болов. Гудамжинд охидын юбка богиносож, цээж задгайрахыг анзаарч эхэлсэн тэр үест атаархах сэтгэл төрж, тийн өөрчлөгдөх хүслийг нууцхан тээсээр үргэлж л өөрийгөө тэдэнтэй харьцуулан бодох бөгөөд өөрийн байгааг бас л шударга бус мэт бодно. Өөрийн дүрийг ч голно. Өмссөн хувцасандаа ч сэтгэл үл ханана. Үнэндээ баян чинээлгийн туйл биш тул эх нь амьдралыг нуруун дээрээ үүрэн хөдөлмөрлөж шоргоолж аятай гэр өөд хоол зөөж өглөө нарнаас үдэш бүрэнхий тултал гэрийн бараа харахгүй. Зах зээлийн хүнд шуурганд бусад олон хүүхдийн адилаар эцэггүй өссөн. Магадгүй шилжилтийн үест гэр бүлээ орхисон олон эцгийн нэг нь байсан биз. Заримдаа яагаад бусад хүүхэд аавдаа эрхэлж хувцас, утас авахуулж байхад би чадахгүй байгаа юм бол гэж бодох боловч үнэндээ бурууг хэн нэгэнд тохож чадахгүй дэмий л дотроо бачуурч аль болох өөрийн хэмжээндээ бүгдийг болгохоор чармайж ирсэн нь ээжийнх нь сэтгэлд хүрэхгүйд бас л гомдож явдаг гэдгээ мэдэрдэг байж. Сургууль төгсөхийн алдад хэсэгхэн эрх чөлөөг олж авав. Гэрээс гарсан л бол эрх чөлөө амтагдаж, хяналтгүй үедээ орцонд нууцаар тамхи татаж, хөгжилтэй ярианд нь татагдаад үеийн хөвгүүдтэйгээ шөнөжин гадаа суух нь хамгийн жаргалтай мөч болон үлдэнэ гэдгийг, иймэрхүү жаргалтай богинохон мөч төд удалгүй холдон одно гэдгийг тэрхэн үедээ бодох сөхөө ч байсангүй.
Шатаар алгуурхан бууж, гишгүүр бүрт хөлийг удаан зөөж явснаа гэнэт хурдлан үүдэнд зогсох “дөрөв дал”-ын хаалгыг онгойлгон суув. Дотор нь мөнөөх танил үнэр үнэртэх тул яльгүй үрчийсэн шоон хээтэй цамцтай залуугийн ядам хуруун дах бөгжийг нэг харснаа сэтгэлээр унахгүйг хичээн инээмсэглэж, айлгүй дүр эсгэн үнсэлтээр мэндчилэхэд машин хөдөлж оройн хоолонд орохоор явцгаав. Иймэрхүү үдэш бараг энгийн мэт санагдана. Анх удаа дасаж өгөхгүй хэцүү санагдаж байсан ч тансаг амьдрал, үнэт хэрэглэл, үнэтэй дарсны амтанд амархан дасдаг юм билээ гэж нэг удаа согтоод найздаа хэлж байсан удаатай.
Их сургуульд байхдаа сарнай шиг дэлбээлж, бөмбөг шиг тэсэрч байгаа мэт мэдрэмж төрдөг байж. Бодсон бүхэн нь биелээд ч байгаа юм шиг. Мөнөөх гэрийн хуучин диктатур гэнэт нуруун дээрээс алга болсон ч юм шиг. Хуучных шигээ үглэх, цагдах мэт багасаж эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаагаа энэ биеэрээ мэдэрч ахуй. Шөнийн клубын манант утаа, хундага дарсны гашуун амт, анивчих гэрэл, нүргэлэх хөгжим, үеийн залуусын өлөн нүдэн дунд өөрийгөө гүнж мэт төсөөлж залуу насандаа үзэх юмаа үзчихсэн нь дээр гэдэг найз охиныхоо үгийг биелүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Уруу татсан уу, уруу татагдсан уу гэдгийг хэн ч хэлж чадахгүй.
Цагдаа уулзвар өнгөрөнгүүт дохив. Амрыг эрье гэхтэй зэрэгцэж автомашины гэрчилгээгээ үзүүлээд хар шилнийхээ араас хялам хийн, хурдлаасай гэсэн маягийн царай гаргав. Таны машин биш юм байна тийм ээ. Гэдэг үгийг олон сонсож байсан тул саяын зогсоосон цагдаад урьдынх шигээ уурссангүй хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байх зуураа сэтгэл нь гонсойсноо мэдэрсэнгүй. Угаас баян, гэр бүлтэй, хөрөнгө бэлдээ харам эрийн зан ийм. Тунгалаг Тамирын Итгэлт Эрдэнийг хувьдаа морьтой болъё гэхэд нь дэмий, энэ олон адуунаас дуртайгаа унаад явж бай гэж хэлдэгтэй яг адилхан тийм л зан. Удахгүй хурааж авах машин, байр хоёроос нь илүү бяцхан үрдээ санаа зовнино. Чи наад толгойдоо ахиухан юм хий. Эд мөнгө ч яах вэ. Хожим чи л зовно гэж хэлсэн эхийнхээ үгийг санаад уур нь ч хүрэх шиг. Хүнээс илүү амьдрах ганцхан л зорилго бий. Маргааш юу болох, юуны төлөө амьдрах гэдэг тэнэг бурханы сургааль шиг юм бодох хүсэл ч үнэндээ алга гэж дотроо бодоод таван одтой зочид буудлын ард байрлах “үсэргээний газар” луу жолоо мушгив. Тэнд өөр шиг нь амьдрал туулсан, туулж яваа хэдэн зуун охид цугладаг. Дахиад, өдөрт зам дээр, үнэтэй ресторанд, хотын төвийн гялгар байшингийн оройд, фэйсбүүкээр өөр шигээ адил замаар яваа охидтой зөндөө тааралддаг.
Ядуу нийгэм, хөгшин чинээлэг эр, шинэ хувцас, үнэтэй утас, шоу цэнгээн. Хэсэгтээ үргэлжлэх диваажингийн амьдрал. Сайн харвал цаанаа л гунигтай, мэлтийсэн нуур шиг уйтгарт нүдний харц. Амьдралын олон зовлонг зураас бүртээ агуулсан яльгүй үрчлээс нүүрэнд нь тодорно. Түүний сэтгэл хүйтэн, зэврүүн байна. Яг л намар оройн жихүүн салхи шиг…
Улаанбаатар, 2011.4.24
Б.Золбоо
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудТэмдэглэлСүүлийн бичлэгүүдХэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…Цөөнх болсон нь Хүн сүргийн бүтэц №4 Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна... Сайн явах санааных Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр Google-ээс хайлт хийх зөвлөмж Хүн сүргийн бүтэц №3 Хүн сүргийн бүтэц-№1,2 Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг “Арчаатай” байх хэрэгтэй Экс под синдром Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь Хөгжил, түүний тухай ийм нэг бодол НайзуудЗоригт ван |